“ХОТ БА ТӨСӨВ: ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН БА ИРГЭДИЙН ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг 5-р сарын 21-ний өдөр Саб галерейд боллоо.
Хэлэлцүүлэгт Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач Б.Эрдэнэбулган, МЗЭ-ийн Төсвийн хөтөлбөрийн ажилтан А.Ариунзаяа нар оролцож, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн төсөвлөлт, зарцуулалт, ил тод байдлын асуудлаар илтгэл танилцууллаа.
Судлаач Б.Эрдэнэбулган “Орон нутгийн хөгжлийн сан: Сүхбаатар дүүргийн жишээн дээр” судалгааны үр дүнг танилцуулж, 2013–2026 оны нийслэлийн төсөв болон ОНХС-ийн хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй байгааг онцлов. Мөн иргэдийн санал авах үйл ажиллагаанд ашиглаж буй ОНХС аппликейшн нь E-Mongolia системээр дамжин нэвтрэх шаардлагатай байдаг нь иргэдэд хүндрэл учруулж байгааг дурдлаа.
Түүнчлэн МЗЭ-ийн Төсвийн хөтөлбөрийн ажилтан А.Ариунзаяа ОНХС-ийн санхүүжилтийн эх үүсвэр, иргэдийн санал авах үе шат, төсвийн хөрөнгийг зарцуулах үндсэн чиглэл, хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны талаар танилцуулж, 2024 оны Нийслэлийн аудитын гүйцэтгэлийн тайлангийн дүгнэлт, зөвлөмжийн талаар мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр ОНХС, Шилэн данс болон дүүргүүдийн цахим хуудсууд төсвийн мэдээллээ тогтмол, нээлттэй байршуулдаггүй асуудлыг онцлон хөндөж, нийслэлийн төсөв, санхүүгийн ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай талаар санал солилцлоо.
Мөн Нийслэлийн ОНХС-ийн төсвийн зарцуулалтыг ил тод, нээлттэй байлгаж, дүүргүүд шилэн дансны мэдээллээ тогтмол шинэчлэн байршуулж, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатайг оролцогчид онцолсон юм.